ЮНЕСКО-гийн Монгол дахь загвар хурал нь анх 2015 онд НҮБ-ын Монгол Улсын Залуучуудын Зөвлөх Хороо болон ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисс нар ЮНЕСКО-гийн Бээжин дэх төлөөлөгчийн газартай хамтран ЮНЕСКО-ийн 70 жилийн ойд зориулан зохион байгуулж байсан. MUM бол ЮНЕСКО-гийн Ерөнхий ассемблэйн симуляци бөгөөд 14-24 насны залуучууд ЮНЕСКО-ийн гишүүн орнуудын байнгын төлөөлөгчдийн үүрэг гүйцэтгэж, боловсрол, шинжлэх ухаан, соёлтой холбоотой дэлхийн тулгамдсан асуудлуудын талаар хэлэлцдэг. Төлөөлөгчид тогтоолоо боловсруулж, залуучуудын хувьд дэлхий дахинаа тулгамдсан хамгийн чухал асуудлуудыг тодруулж, тэднийг шийдвэрлэхийн төлөө санал бодлоо хуваалцсанаар ЮНЕСКО болон НҮБ-ын бусад төрөлжсөн агентлагуудад дуу хоолойг өргөж, өөрсдийн үзэл бодлоо илэрхийлэх гайхалтай боломж юм. Энэхүү загвар хурал нь 2030 оны Тогтвортой хөгжлийн 17 зорилтын талаар залуучуудын мэдлэгийг зузаатгах, оролцогчдод олон улсын өнөөгийн үйл явдлууд, дипломат ажиллагаа, ЮНЕСКО-гийн мандат, ажлын цар хүрээний талаар мэдлэг олгох зорилготойгоор зохион байгуулагддаг.

МЮМ нь жил бүр оролцогчдын цар хүрээ болон агууллагын хувьд илүү өргөн хүрээтэй болж тэлэн өргөждөг ба анх нэг хороотой зохион байгуулагдсан бол 2017 онд нийгмийн ухаан, соёл урлаг болон боловсрол гэсэн гурван хороотойгоор зохион байгуулагдсан. Түүнчлэн зөвхөн хот нийслэл гэлтгүй хөдөө орон нутгаас олон оролцогчид зорьж ирэн оролцдог ба 2019 оноос хойш бүсийн хэмжээнд, олон улсад зохион байгуулахаар хүрээгээ тэлсээр байна. 2019 онд Солонгосоос нэг оролцогч орж байсан бол 2020 оны хувьд Япон, Хятад, Солонгос улсаас нийт 10-аад оюутан залуус оролцохоор төлөвлөж байсан ч цар тахлын улмаас Япон улсын 7-н төлөөлөгч цахимаар дамжуулан амжилттай оролцсон билээ.

Нэгдсэн Үндэстний Байгууллага байгуулагдсаны 75 жилийн ой 2020 онд тохиож байгаатай холбогдуулан НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын “НҮБ-75: Хүсч буй ирээдүйгээ хамтдаа бүтээе” гэсэн санаачилга болон Тогтвортой хөгжлийн 17 зорилт дээр үндэсэлж, цар тахал болон цар тахлын дараах ертөнцөд хэрхэн дасан зохицох талаар 2020 оны оролцогчид маань нээлттэй мэтгэлцэж, олон санал зөвлөгөөнүүдийг боловсруулсан. 

Энэхүү хурлын үр дүнд гарсан тогтоолыг ЮНЕСКО-гийн  МҮК-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бээжин дэх ЮНЕСКО-гийн суурин төлөөлөгчийн газар ба Монгол дах НҮБ-ын суурин төлөөлөгчийн газар, түүний төрөлжсөн агентлагууд болон бусад хамааралтай төрийн болон төрийн бус байгууллагуудад уламжилдаг ба Монгол дах НҮБ-ын суурин төлөөлөгч болон ЮНЕСКО-гийн удирдах албан тушаалтнууд ихээхэн ач холбогдол өгдөг тул энэ нь залуучуудын хувьд өөрсдийн дуу хоолойг өндөрт өргөх, өөрсдийн олон улс болон НҮБ-ын талаарх мэдлэгээ нэмэгдүүлж, өөрсдийгөө хөгжүүлэх ач холбогдолтой хурал юм.

Leave a Reply