БИДНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГАА

2023-2024 оны НҮБЗЗХ-ны бүрэлдэхүүн

НҮБ-ын Залуучуудын Зөвлөх Хороо нь НҮБ-ын харьяа агентлагуудын дэмжлэгтэйгээр 2021 оноос хойш 20 гаруй залуучуудад чиглэсэн бичил төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн. Дээрх үйл ажиллагаануудад ойролцоогоор 4500 гаруй хүнийг хамруулсан байна. Бидний хэрэгжүүлсэн онцлох төсөл хөтөлбөрүүдийг танилцуулья.

Тогтвортой Хөгжилд Залуус Хөтөлбөр

Global Goals for Youth Program

2021-2022 оны буюу 2-р үеийн Тогтвортой хөгжилд залуус хөтөлбөрийн төгсөлтийн арга хэмжээний үеэр

Тогтвортой хөгжилд залуус буюу GGYP хөтөлбөр нь төсөлт суурьт сургалтын арга зүйгээр дамжуулан өсвөр үе залуучуудад уур амьсгалын өөрчлөлтийг танин мэдэх дасан зохицох, түүнийг даван туулахад мэдлэг мэдээлэл, ур чадвар, туршлагыг олгоно. Түүнчлэн Тогтвортой Хөгжилд Залуус хөтөлбөрийн оролцогчид НҮБ-аас санаачлан зохион байгуулсан үйл ажиллагаанууд, Тогтвортой Хөгжлийн Зорилгын тухай сургалтууд, Хакатон зэрэг үйл ажиллагаануудад тогтмол оролцох боломжтой. НҮБ-ын Залуучуудын Зөвлөх Хорооноос тус хөтөлбөрийг улам өргөжүүлж, залуусын дуу хоолойг шийдвэр гаргагчдад хүргэх зорилгоор энэ жил дөрөв дахь удаагаа хэрэгжүүлэх гэж байна. Уг хөтөлбөр нь энэ удаад Хөвсгөл аймгийн 2500 гаруй 15-20 насны хүүхэд залуучуудыг хамрах болно. 2024 оны 2-р улиралд хэрэгжэх уг хөтөлбөрийн талаар та тухайн үед нь манай сар бүрийн тойм хэсгээс олж уншаарай.

Period UB

НҮБ-ын Залуучуудын Зөвлөх Хорооноос санаачлан сарын тэмдгийн олон улсын хөдөлгөөн болох Period (The Menstrual Movement)-ийн Монгол дахь « Period UB » төслийг хэрэгжүүлсэн. Энэхүү олон улсын хөдөлгөөний хүрээнд сарын тэмдгийг тойрсон үл ойлголцлыг арилгаж, эмзэглэх сэдэв биш гэдгийг таниулах зорилгоор цахим аян өрнүүлэхийн зэрэгцээ Баянзүрх дүүргийн 79, 87,120, 147, 148-р сургуулиуд дээр үнэгүй ариун цэврийн хэрэглэлтэй хайрцгууд байршууллаа. Period UB хөдөлгөөнийг НҮБ-ын Хүүхдийн сан болон Naturella брэнд дэмжиж, хамтран ажилласанд талархал илэрхийлье. Энэ хөдөлгөөнийг үндэслэгч Надяа Окамото сарын тэмдгийн үеийн эрүүл ахуйн хүртээмжгүй байдал, нийгмийн янз бүрийн гаралтай хүмүүст хэрхэн нөлөөлдгийг судалж анх эхлүүлжээ. Period UB хэдий Улаанбаатар хотод 2020 онд эхэлсэн ч цар тахлын улмаас хэрэгжиж чадаагүй. Ийнхүү 2022 оны 3-р сарын 11-ний өдрөөс албан ёсоор эхэлж, охид эмэгтэйчүүд төдийгүй бүх хүмүүст сарын тэмдгийн тухай зөв ойлголтыг түгээхээр зорьсон юм. Бид хөдөлгөөний цар хүрээг улам тэлж, утга учрыг таниулахаар цаашид чиглэж байна.

Шинжлэх ухаантай танилцах нь

Intro to Science

“Шинжлэх ухаантай танилцах нь” төсөл КОВИД-19 цар тахлын хариу арга хэмжээнд хувь нэмрээ оруулж, нийгэмд эерэг өөрчлөлтийг бий болгох залуучуудын идэвх, санаачилгыг дэмжих зорилго бүхий бичил төслийн хүрээнд НҮБ-ын дэргэдэх Залуучуудын Зөвлөх Хороо, ШИМТ боловсролын төв, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс болон ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын дэмжлэгтэйгээр амжилттай зохион байгуулагдсан. Энэхүү төсөл нь нийслэлийн хэмжээнд 5 ерөнхий боловсролын сургууль буюу 35, 17, 39, 67 болон 124-р сургуулиудын 6-р ангийн нийт 150 хүүхдийг хамруулсан юм. Төслийн зорилго нь шинжлэх ухааны салбарын талаар хүүхдүүдэд танин мэдэхүйн, туршилтын сонирхолтой арга барилаар мэдлэг олгоход суурилсан билээ. Манай улсад шинжлэх ухааны чиглэлээр суралцах явдал сүүлийн жилүүдэд багассан. Тиймээс уг төслөөр дамжуулан хүүхдүүдэд шинжлэх ухаан сонирхох сэдэл төрүүлэх, шинжлэх ухаанч сэтгэлгээ суулгах улмаар төсөлд хамрагдсан сурагчид шинжлэх ухааны салбарт ирээдүйн олон амжилтуудад үүд хаалгыг нь нээж өгөхийг зорилоо. ШИМТ боловсролын төв нь STEM буюу шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, математик, сэтгэлгээ ба гоо зүй гэсэн үзэл санаатай хөтөлбөрүүдээ хэрэгжүүлдэг. Сургалтын хөтөлбөрийн хувьд шинжлэх ухааны тухай богино бичлэг үзэх, түүх уншиж бүтээл урлах, зураг зурах гэх мэт бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэхэд голлосон. Төслийн хугацаанд хүүхдүүд хими ба физикийн туршилтыг багаараа гүйцэтгэж, төгсгөлд нь хийсэн бүтээлүүдээрээ өрсөлдөн, шилдгүүдийг шалгаруулсан юм.

"Тогтвортой Ирээдүй" хэлэлцүүлэг

"Sustainable Future" series discussion

Сайн дурын ажил

Сайн дурын ажил нь хувь хүний хөгжил, нийгмийн сайн сайхан байдалд чухал үүрэг гүйцэтгэдэг. Сайн дурын ажил нь ихэнх тохиолдолд цалингүй байдаг ч ур чадвараа хөгжүүлэх, хүмүүстэй танилцах, нийтийн сайн сайхны төлөө хувь нэмрээ оруулах сэтгэл ханамж зэрэг мөнгөн бус урамшуулал нь ихээхэн ач холбогдолтой байж болох бөгөөд сайн дурын ажлын шууд үр нөлөөнөөс хол давсан байдаг.  

НҮБЗЗХ нь залуучуудад сайн дурын ажил хийх боломж санал болгож байна. Та энд дарж бүртгүүлээрэй.

Жич: Сайн дурын ажлууд зун цагт өндөр эрэлттэй байдаг ба өвлийн цагт бага эрэлттэй байдаг. Мөн холбоосоор дарж бүртгүүлсэн тохиолдолд бид бүртгүүлсэн дарааллаар холбогдох болно.


Сайн дурын ажил хийх залуучуудыг өөрийгөө хөгжүүлэх орчноор хангаж, хажуугаар нь сайн дурын ажил хийх залуучууд сонирхож байгаа бол та энд дарж бүртгүүлснээр сайн дурын ажил хийх залуучууд авах хүсэлт гаргах боломжтой.