Түгээмэл асуултууд

💡
Хөдөлмөрийн тухай хуультай холбоотой түгээмэл асуултуудад хариулсан нь
💡
Уг хариултууд нь 2020 оны байдлаарх болно. Хуулинд өөрчлөлт орсон байх боломжтой тул тодорхой зүйл заалтыг та давхар эндээс шалгана уу.

Хөдөлмөрийн гэрээнд Хөдөлмөрийн нөхцөлийг тусгахаа мартсан байна. Яах вэ?

Хөдөлмөрийн тухай хуулийн 21.1-д заасны дагуу Хөдөлмөрийн гэрээнд дараахь гол нөхцөлийг тохирно. Үүнд:

  • ажлын байрны буюу албан тушаалын нэр;
  • ажлын байрны тодорхойлолтод заасан ажил, үүрэг;
  • үндсэн цалин буюу албан тушаалын цалингийн хэмжээ;
  • хөдөлмөрийн нөхцөл.

Мөн 21.3-д заасны дагуу Хөдөлмөрийн гэрээ байгуулах үед талууд энэ хуулийн 21.1-д заасан гэрээний гол нөхцөлийн аль нэгийг тохироогүй бол хөдөлмөрийн гэрээ байгуулсанд тооцохгүй. Иймд хөдөлмөрийн нөхцлийг тусгаагүй хөдөлмөрийн гэрээг байгуулсанд тооцохгүй.

Хөдөлмөрийн гэрээг заавал бичгээр байгуулах уу?

Хөдөлмөрийн тухай хуулийн 24.1-д заасны дагуу ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй. Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээ байгуулахыг хориглоно.

Ажлаас халах тушаалд ямар ямар зүйлүүд заавал тусгасан байх шаардлагатай вэ?

Ажлаас халах тушаалд хэний санаачилгаар цуцалж буйгаа хөдөлмөрийн хуулийн зүйл, заалтыг оруулах, мөн ажлаас халж байгаа үндэслэлээ хуулийн зүйл заалттайгаар оруулах ёстой.

Би 100 хувийн гадаадын хөрөнгө оруулалттай компанид хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилд орсон ба тасралтгүй 1 жил ажиллаад ээлжийн амралт авах тухай хүсэлтийг компанийн захиргаанд тавьсан. Компаний захиргаанаас ээлжийн амралт өгөх бололцоогүй, хөдөлмөрийн гэрээнд ч энэ тухай заагаагүй, манайх 100 хувийн гадаадын хөрөнгө оруулалттай тул танай улсын Хөдөлмөрийн хууль үйлчлэх шаардлагагүй гэсэн. Ингэж болох уу?

Хөдөлмөрийн тухай хуулийн 4.1.1-д заасны дагуу Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа дотоод, гадаадын аж ахуйн нэгж, байгууллага болон Монгол Улсын иргэн хоорондын харилцааг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулна. Иймд Хөдөлмөрийн тухай Монгол улсын хууль тогтоомж тус хуулийн этгээдэд үйлчлэх тул ээлжийн амралт олгох ёстой.

Би нэг компанитай хөдөлмөрийн гэрээ байгуулан цалингаа тохиролцсон юм. Гэвч ажил орж ирээгүйгээс байгууллага цалинг бууруулж олгожээ. Энэ тохиолдолд яах вэ?

Хөдөлмөрийн тухай хуулийн 49.1-д заасны дагуу ажилтны цалин хөлсийг хийснээр, цагаар болон бусад хэлбэрээр хөдөлмөрийн үр дүнд нь тохируулан олгоно. Хэдийгээр ажил олгогч ажил орж ирээгүй, ашиггүй, орлогогүй гэх шалтгаанаар алдагдалд орсон гэж үзэн цалинг бууруулан тогтоосон байгаа ч талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээнд цалинг тогтмол үндсэн цалингийн хэмжээг тогтоосон тохиолдолд ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээгээр тохиролцсон цалинг өгөх үүрэгтэй байна.

Цалин хөлсийг урьдчилан ямар хугацаанд олгох ёстой байдаг вэ?

Цалин хөлсийг сард 2 буюу түүнээс дээш удаа тогтоосон олгоно. Хөдөлмөрийн тухай хуулийн 60.3-т заасны дагуу ажилтны хүсэлтээр цалин хөлсийг нь урьдчилан олгож болно гэж заасан байдаг.

Цалин хөлсний суутгал гэж юу вэ?

Хөдөлмөрийн тухай хуулийн 63-т заасны дагуу ажилтны нэг сарын дундаж цалин хөлснөөс хэтрэхгүй хэмжээний хохирлыг нөхөн төлүүлэх тухай ажил олгогчийн шийдвэр гарсан, мөн хууль тогтоомжид заасан бусад үндэслэлээр суутгал хийж болно.

Цалин хөлснөөс суутгал хийсэн шийдвэр, суутгал хийсэн хэмжээний талаар гомдолтой байвал ямар байгууллагаар шийдвэрлүүлэх вэ?

Хөдөлмөрийн тухай хуулийн 63.3-т заасны дагуу ажилтан түүний цалин хөлснөөс суутгал хийх тухай шийдвэр буюу суутгалын хэмжээг эс зөвшөөрвөл гомдлоо байгууллагын дэргэдэх хөдөлмөрийн маргаан таслах комисст гаргаж болно.

Цагийн ажилтан ижилхэн ажил хийдэг хийдэг үндсэн ажилтантай адил хэмжээний цалин авах уу?

Хөдөлмөрийн тухай хуулийн 49.5-т заасны дагуу цагаар ажиллах ажилтны цагаар болон хийснээр нь олгох цалингийн хэмжээ ижил ажлын байранд бүрэн цагаар ажилладаг ажилтантай адил байна.

Эх сурвалж:
iGeree
Хөдөлмөрийн тухай хууль