Мэдээ мэдээлэл

💡
7 хоног бүр шинэ мэдээ мэдээлэлтэйгээр уулзацгаая!

Энэхүү булангаар дамжуулж НҮБЗЗХ нь идэвхтэй хэрэгжиж буй төслүүдтэй холбоотой болон өдөр тутамд хэрэг болохуйц мэдээ мэдээллийг нийтлэл байдлаар хуваалцах болно. Бидэнтэй хамт байгаарай!


Өдөр тутамдаа хэрэгжүүлж хэвших байгальд ээлтэй 4 дадал

Өнгөрсөн онд НҮБ-ын мэдээлснээр 18-р зууны сүүл үетэй буюу аж үйлдвэржилтийн хувьсгал эрчимжиж эхэлсэн үетэй өнөөгийн цаг уурын дундаж температурын зөрүүг харьцуулвал даруй 1.2°C-ийн (Цельсийн) ялгаа ажиглагдах аж. Үүгээр ч зогсохгүй 2011-2020 оны хооронд үргэлжилсэн арван нь урьд өмнө бүртгэгдсэнээс хамгийн дулаан арван буюу "warmest on record" хэмээн цохон тэмдэглэгджээ.

Дэлхийн дулаарлаас үүдэх үр дагавар нь зөвхөн бидний амьдарч буй гарагийн дундаж температур хэр их өсөж буйгаар зогсохгүй бусад олон хүрээлэн буй орчны асуудлыг хамарсан (гал түймэр, ундны усны хомсдол, үер, далайн усны түвшин нэмэгдэх гэх мэт) томоохон сэдэв билээ.

Харин бидний өглөө сэрэхээс орой унтах хүртэлх цагаараа хийж дадсан олон үйлдэл дэлхийн дулаарлын шалтгаануудыг ил ба далд байдлаар өдөөж байдаг. Аж үйлдвэржилт эрчимтэй хөгжиж, өдөр тутмын хэрэгцээнд нэмэгдэн ангилагдаж буй эд зүйлсийн тоо эрс өсөхтэй холбогдоод хэрэглэгч бид ч өөрсдийн хэвшил болсон дадлаа шинэчлэн байгальд ээлтэй амьдралын хэв маягийг цогцлоох нь чухал ач холбогдолтой билээ.

Ингээд өнөөдрөөс эхлэн хэрэгжүүлж болох 4 дадалтай танилцацгаая!

1. Өөрийн гэсэн халбага, сэрээг биедээ авч явах

Өнөө цагт ихэнх хүмүүс усны саваа биедээ авч явдаг болсонтой ижил өөрийн халбага, сэрээг ч тогтмол авч явж занших нь байгаль орчинд зогсохгүй эрүүл мэндэд ч ээлтэй сонголт. 2019 онд Форбес сэтгүүлийн мэдээлснээр зөвхөн Америкийн Нэгдсэн Улсад гэвэл жилд дунджаар 40 тэрбум ширхэг пластик халбага сэрээний хаягдал гардаг аж. Эдгээр хог хаягдал нь ихэвчлэн хийгдсэн материал, хийцээсээ хамааран дахин боловсруулагдахад хүндрэлтэй хог хаягдлын төрөлд ангилагддаг бөгөөд далайд ихээрээ хаягддаг.

Харин дэлхийн даяар дунджаар 100'000 далайн амьтад уг төрлийн хог хаягдлаас болж үрэгдэж буй гэх судалгаа буй. Ялангуяа түргэн хоолны газар ихээр ашиглагддаг уг төрлийн хог хаягдал нь зөвхөн хөрс, эх газар бус экологийн тэнцвэрт байдлыг хангагч олон амьтдад аюул учруулдаг тул та яг одоо өөрийн гэсэн халбага, сэрээг цүнхэндээ хийж бэлтгээрэй!

2. Хүнсний хог хаягдалдаа анхаарал хандуулаарай.

Танд хэзээ нэг удаа ихээхэн өлссөнөөсөө болж хоол хийхдээ/захиалахдаа өөрийн цадах хэмжээнээс хамаагүй ихээр хэтрүүлж байсан тохиолдол бий юу юу?

Түргэн хоол, ресторан, хүнсний дэлгүүрүүдэд ажиллахад тод гэгч анзаарагддаг зүйл бол яалт ч үгүй их хэмжээний хүнсний хог хаягдал билээ. Нэг талаараа энэхүү хаягдал томоохон үйлчилгээний газруудад их хэмжээгээр гарч буй мэт харагдавч анзаараад үзвэл та бидний гэртээ идэж буй хоол хүнсний илүүдэл хаягдал ч нэлээдгүй их байж болох юм.

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын тооцоо судалгаагаар дэлхийн нийт ургац байдлаар хураагдсан хоол хүнсний 14% орчим нь хог хаягдал болдог байна. Харин Дэлхийн байгаль хамгаалах сангийн мэдээлснээр хүний оролцоотойгоор ялгарч буй нийт хүлэмжийн хийн даруй 6-8% нь хүнсний хог хаягдлаас үүдэлтэй байдаг аж.

Уг төрлийн хог хаягдлыг эрс багасгах олон дадлыг өөрт суулгах боломжтойн хамгийн түгээмэл нь өдрийн хоолоо гэртээ бэлдэж авч явах билээ. Энэ мэтээр та хүнсний худалдан авалт хийх, хүнсээ боловсруулах зэрэг өдөр тутмын үйлдлээрээ ч дамжуулан байгаль орчинд үүсэж буй уг асуудлыг хөнгөвчлөхөд хувь нэмрээ оруулж эхлээрэй.

3. Хатуу шампунь, угаалгын бодисыг хэрэглэж хэвшээрэй.

Хатуу шампунь, хатуу ангижруулагч, тэр ч байтугай хатуу аяга таваг угаагч бодис аль хэдийнэ зах зээлд нэвтэрсэн гэдгийг та арай мэдэж амжаагүй юм биш биз? Тэр дундаа та өөрийн хүссэн хувийн ариун цэврийн бүтээгдэхүүнээ үндэсний үйлдвэрлэлийн өөрт ойрхон худалдааны төвүүдээс авах боломж сүүлийн жилүүдэд ихээхэн тэлж байна.

Саван, шампунь гэх зэрэг төрөл бүрийн угаагч бодис нь бидний өдөр тутмын хэрэглээ учир үүнийг дагалдах хуванцар хог хаягдал ч байгаль орчинд үзүүлэх чамламгүй их нөлөөтэй билээ. Түүнчлэн ийм төрлийн савалгаа нь эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэгч микропластикийг агуулах нь олонтаа. Иймд та угаалгын өрөө, галт тогоондоо байгаа угаагч бодисуудын савлагаануудаа #пластикаас.ангид болгох чалленжийг өөртөө зарлаж болох юм.

Хэрэв зайлшгүй шаардлагаар хуванцар савлагаатай бүтээгдэхүүн худалдаж авах тохиолдолд доорх орцуудыг шалгаарай👇

Polyethylene (PE), Polymethyl Methacrylate (PMMA), Nylon, Polyethylene Terephthalate (PET) and Polypropylene (PP).

Мөн хатуу шампунь, угаалгын бодис нь байгалийн аргаар гаргаж авсан тул #crueltyfree буюу бүтээгдэхүүн гаргаж авах явцын туршилт шинжилгээг амьтад дээр хийдэггүй гэдэг нь хэрэглээндээ нэвтрүүлэх томоохон шалтгаануудын нэг юм.

4. Өөрийн гэсэн хүнс цуглуулах даавуун цүнхтэй болоорой

Даавуун цүнхний хэрэглээ сүүлийн жилүүдэд нэлээдгүй өсөж байгаа ч уг хэрэглээг улам дэлгэрүүлж хүнс цуглуулах үедээ ашиглах тусгайлан хэмжээлсэн, бат бөх материалтай даавуун цүнхийг ашиглаж хэвшицгээх нь бидний гялгар уутны хог хаягдлыг эрс багасгах юм.

НҮБ-ын тайлагнаснаар сүүлийн жилүүдэд дунджаар пластик хог хаягдал нь жил тутам 1.8 тэрбум тонн хүлэмжийн хий ялгарсан байна. Бидний өдөр тутмын хүнсний худалдан авалтаа хийхдээ ашигладаг гялгар уут нь материал, хийцээсээ хамааран 20-30 жилийг зарцуулдаг аж. Гялгар уут нь ихэнх тохиолдолд 1-2 удаа ашиглагдаад хаягдах нь олонтаа.

Даавуун цүнхний шилжилтийг өнөөдрөөс эхлэн хийгээрэй.


Бидний дараа дараагийн дугаартай хамт байгаарай!