UNYAP Newsletter #31 March

🔮
Volume 31

НҮБЗЗХ-Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих YEP төслийн нээлтийн үйл ажиллагаанд оролцлоо.

2025 оны 3 сарын 27-нд зохион байгуулагдсан Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих YEP төслийн нээлтийн үйл ажиллагаанд НҮБЗЗХ-ны гишүүн Б.Тэргэл болон А.Хатансайхан нар оролцож тус төслийн судалгааны ажилд залуучуудын оролцоог хангах боломжийн талаар асуулт асуулт асуув.

Энэхүү төслийг 2025 онд ноос ноолуурын салбарт хэрэгжүүлэх бөгөөд БНСУ-ын Засгийн газрын санхүүжилтээр 30 сарын хугацаанд ОУХБ-аас хэрэгжүүлнэ. YEP төсөл нь Засгийн газар, нийгмийн түншлэгч талуудын чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллаж, залуучуудын хөдөлмөрийн нөхцөл, бүтээмжийг урт хугацаанд тогтвортой сайжруулахыг зорьж байгаа юм. Төслийн хүрээнд нотолгоонд суурилсан бодлого, шийдлийг тодорхойлж, залуу ажилтны идэвх санаачилга, оролцоог дэмжиж, ажлын байрны менежментийг сайжруулах сургалтуудыг зохион байгуулах талаар танилцуулсан.

Төслийн хүрээнд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монголын Ноос Ноолуурын Холбоо, MITUF - Mongolian Industry Trade Union Federation, мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын байгууллагууд, сонгогдсон аж ахуйн нэгжүүд, БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний агентлаг (KLES), БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлтийн мэдээллийн үйлчилгээний агентлаг (KEIS)-тай хамтран ажиллах юм.


“Залуучуудын цахим аюулгүй байдал” сэдэвт олон талт хэлэлцүүлэгт НҮБЗЗХ-оос шийдлийг хэлэлцэх интерактив хэсгийг зохион байгууллаа.

Монгол Улсын хэмжээнд өсвөр үе, залуусын 50 гаруй хувь нь цахим дээрэлхэлтэд өртжээ. Цахим дээрэлхэлтийн хамгийн түгээмэл хэлбэр нь доромжлол, гүтгэлэг гэддгийг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн судалгаанд дурдсан байна. Энэ нь залуусын цахим орчин дахь аюулгүй байдлыг хангах, сэтгэцийн эрүүл мэнд, сайн сайхан байдлыг дэмжих цогц арга хэмжээг яаралтай хэрэгжүүлэх шаардлагатайг илтгэж байна.

Иймд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран өсвөр үе, залуучуудад тулгарч буй цахим дээрэлхэлт, цахим орчны эрсдэлүүдтэй холбоотой асуудлыг хөндөж, боломжит шийдлүүдийг эрэлхийлэх зорилгоор “Залуучуудын цахим аюулгүй байдал” сэдэвт олон талт хэлэлцүүлгийг өнөөдөр /2025.04.02/ зохион байгууллаа. 

Энэхүү хэлэлцүүлэгт НҮБЗЗХ-оос Цахим дээрэлхэлтийн асуудлыг хамтдаа шийдэх зорилготой, шинэлэг шийдлүүдийг эрэлхийлсэн интерактив хуралдааныг удирдан явуулсан юм. Энэ хэсэгт үйл ажиллагаанд оролцсон төр, иргэний нийгэм, хувийн хэвшил болон олон улсын байгууллагуудын төлөөлөлүүдийн дунд тохиолдолд суурилан асуудлыг шийдвэрлэх, шийдэл гаргах, тэдгээрийг хэрэгжүүлэх арга замуудыг эрэлхийллээ.